Амьдрах хүслэн
Доор байгаа нийтлэл сэтгүүлч Молорын бичсэн нь. Охин болоод эгчийн бичсэн өдрийн тэмдэглэл http://lovelife.delhii.net/ энэ линзк дээр байгаа.
“Би одоо хаана очиж хэвтэнэ ээ” гэж гунигтайхан хэлээд инээмсэглэх Б.Заяагийн төрсөн өдөр тун удахгүй буюу зургадугаар сарын 23-нд болно. Энэ нийтлэлийг бичигч Молор миний хамгийн дотны найз бүсгүйн төрсөн өдөр ч яг тэр өдөр болдог. Бид найзынхаа төрсөн өдрийг хамтдаа хэрхэн тэмдэглэх тухай төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулсан төдийгүй төрсөн өдрийн байнгын зочид болох 9 бүсгүй ямар даашинзаар гоёж, ямар аксессуараар гангарахаа ч тохироод авсан. Тэгээд ёстой зад авна гэж байгаа. Харин Заяа охин 20 насныхаа төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх тухай санахыг ч хүссэнгүй. Тэр хэвтээд л, хэвтээд л... Хэвтсээр байгаад хоёр жилийг ардаа орхисон ч түүнд хэвтэхээс өөр хийж чадах зүйл алга. Цонхоор хэсэгхэн цухуйх тэнгэрийн бүүдгэр өнгө, үүлс, шувууд жиргэх чимээ, хааяахан хуйсганах салхины чимээ түүнд амьд байгааг нь сануулна. Тэр гадаа ямар байдгийг бараг мартжээ. Зуны халуун өдрүүд ааг амьсгаа давхцуулан ирэхэд бүгд л зуслан, байгаль бараадан амарч цэнгэх, зугаалж жаргах тухай элдэв төлөвлөгөө боловсруулж байхад харин Заяагийн хувьд энэ сарын 25-ны өдөр гэхэд л хэвтэх газар үгүй болж мэдэх асуудал л сэтгэлийг нь зовооно. Дээр нь хэвтсээр байгаад цоорч, шархалсан нуруу, хонго, гуя, хөлийн өсгийний шархны аймшигтай өвдөлтийг тэвчихэд бэрх. Хөлийн чимээ гарах бүрт тэр давхийн цочиж, айсан нүдээр эргэн тойрноо түгшүүртэйгээр харахдаа аврал эрсэн харц нь юун дээр тогтохоо мэдэхгүй дүрлэгнэнэ. Хөлийн чимээ бол Заяагийн хувьд тэсвэрлэшгүй өвдөлт, амиа хорломоор зовиуртай тамлалт ойртон ирж байгаагийн дохио. Сувилагч өдөр бүр ирж, Заяа охины дотогшоо улам идэгдсээр байгаа шархыг цэвэрлэн, боолтыг сольдог. Харин энэ хэдхэн агшинд Заяа охин гашуунаар уйлж, ясыг нь хүртэл ухаад хаячих мэт тэр гаслантай өвдөлттэй тэмцэх гэж хамаг тамираа барна. Тиймээс сувилагч ирнэ гэдэг охины хувьд айдас болон хувирчээ. Хаврын шалгалтаа өгчихөөд сэтгэл амарсан оюутнууд хонхны баярын шинэхэн дээлээрээ гангарч, гялгар туфльний өсгийгөөр цардмал зам тогшин хөгшилтэйгээр холхилдоно. Гудамжинд хүүхдүүд шуугилдаж, амьдрал буцалж байна. Харин цонхны цаанаас эдгээрийг зөвхөн сонсож л чадах Заяа охин хэзээ хөл дээрээ босож, үе тэнгийнхэн шигээ инээд хөөр болон алхлахаа тааж үл чадан өвчиндөө шанална. Гэрийнхэн нь чимээ аниргүй нам гүм. Өвдөлт, гашуунаар ёолох чих дөжрөм чимээ намжихад ээж, аав, эгч, ах нь түүнийг түр ч атугай дугхийг гэсэндээ чангахан ч амьсгалаас эмээнэ. Заяагийн яс, арьсны цооролтыг харсан хүний нүд хальтрахгүй байхын аргагүй. Турж эцээд яг л африкийн тураалтай хүүхдүүд шиг харагдах бяцхан бие нь энд тэндгүй ураад ухаад авчихсан мэт өм, цөм цоорч, тэрхүү цоорсон шарханд нь агаарт дэгдэх бохир, бактерууд үүрлэх гэж яарна. Харин саяхан болтол зөвхөн үе мөч янгинах өвчнөөр шаналж байсан охины зовуурь шаналгааг нэмсэн энэ шарх сэтгэлгүй хүмүүсийн үйл ажиллагаанаас үүссэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр хоёр сарын өмнө Улсын Клиникийн Нэгдүгээр эмнэлгээс гарчээ. Учир нь цус багадалтаас үүссэн /тэрхүү цус багадалт нь өвчин намдаах эм их хэрэглэснээс болсон гэсэн оноштой/ цус харвалт тархинд нь үүсч эмнэлэгт яаралтай хэвтэхээс өөр аргагүй болсон байсан юм. Харин эмнэлэг, эмчилгээ, эмч нарын сэтгэл дутсанаас охин өөрийн өвчин дээрээ бас нэгэн зовиур нэмсэн нь арьс, ясны цооролт. Охиныг эмнэлэгт хэвтэж байхад асаргаа сувилгаа дутагдсанаас түүний удаанаар хэвтсэн биеийн товгор хэсгүүд цоорч, үхжиж эхэлжээ. Гэтэл “Энэ шархнууд тун удахгүй эдгэчихнэ. Ийм юм байж л байдаг юм. Зүв зүгээр” гэсэн эмч нарын үг охиныг ч, гэр бүлийнхнийг нь ч түр тайвшруулж орхиж. Харамсалтай нь эмнэлгээс гарснаас хойшхи сүүлийн хоёр сар охины хувьд жинхэнэ там болон хувирч, охин өдөр бүр дотогшоо хорсолтойгоор шурган цаашлах шархны зовлонт өвдөлттэй давхар тэмцэх хэрэгтэй болсон юм. Шарх эдгэсэнгүйгээр барахгүй баруун хөлийнх нь өсгийний шарх цаашилж, ясыг нь хүртэл идэж эхэлжээ. Нийслэлийн 45 дугаар дунд сургуулийн 10-ын Б ангийг 2005 онд онцсайн дүнтэй төгссөн Заяа охинд олон сайхан мөрөөдөл байсан юм. Цовоо сэргэлэн, хөгжилтэй, бас ч тэрүүхэндээ хошин хөнгөн яриатай түүний бүх мөрөөдлийг хүнд өвчин хулгайлан авчихаад байгаа нь энэ. Тэр том болоод орчуулагч болно гэж ярих дуртай охин байлаа. Тиймээс ч хичээлдээ шамдаж, үеийн нөхдөөсөө хоцрохгүйг хичээн, амьдралд дэндүү хайртайдаа хөгжилтэй инээмсэглэн дэгддэг байлаа. Гэхдээ одоо түүнд энэ бүхэн нь зүүд байсан мэт санагдана. Дахиад л шөнө болоход дахиад л солиором хорон өвдөлт эхэллээ. Заяа тэртэй тэргүй өөрийнх нь төлөө шаналж байгаа гэрийнхэндээ зовиураа мэдэгдэхгүйн тулд хөнжлийнхөө захыг амандаа зуугаад зөөлхөн ёолов. Нүднээс нь нулимс асгарах авч, тэр чимээ гаргасангүй. Шөнийн тэнгэрт одод түгж, хаа нэгтэй болзоонд зогсох цэл залуухан хорин настнууд шивэр авир ярилцан, сэтгэлийнхээ үгийг хэлэлцэж байхад тэдний нэг нь хөнжил дотроо гашуунаар уйлж байлаа. Ариунаа дүүгийнхээ энэ өвчин шаналал бүхнийг сэтгэлээрээ мэдэрнэ. Нүднийх нь гал өдрөөс өдөрт буурсаар байгаа ч дүү нь сэтгэлийг нь өвтгөхгүй гэхдээ хүчээр инээмсэглэж байгааг харахдаа тэр нулимсаа ил гаргахгүйн тулд хамаг чадлаараа тэмцэх гэж оролдоно. Саяхан л туулай шиг дэгдэн гүйж явсан хөөрхөн дүү нь одоо орон дээр хадаастай нэгэн болон хувирчээ. Тэр чихэр ч идэх эрхгүй болсон. Хэрвээ амттай зүйл идвэл цусанд мөөгөнцөр үүсэх аюултай. "Ганцхан удаа чихэртэй цай уух юмсан, тиймээ" гээд ядруухан инээмсэглэх охины энэ үг "Би чинь амттай юм идэх эрхгүй хүн шүү дээ" гэж хэлэх шиг санагдана. Харсаар байгаад, халагласаар байгаад, тэмцсээр байгаад, итгэсээр байгаад тэд хамгийн бяцхан охиноо ийнхүү үл үзэгдэгч өвчинд хором хоромоор булаалгачихаж. Эмч домч, элч дуучин, сайн үйлсийн байгууллага гээд яваагүй газар, татаагүй хаалга Ариунаад одоо үлдсэнгүй. Заяагийн өвчнийг эмчлүүлэх гэж байраа зараад Бээжин хотыг зорьсон тэр өдрийн нар хаанаас мандсаныг одоо таах гээд ч яах билээ. Яг дүү шиг нь өвчтэй нэгэн охины бие гэнэт муудаж, эмчилгээ нь зогсоход Ариунаагийн гэрийнхэн эргэлзэж эхлэв. Хэдийгээр хамаг эд хөрөнгөө зараад энэ хол газар ирсэн ч баталгаагүй зүйлд цаг, мөнгөө үрэхээс түдгэлзэхээр шийджээ. Тэд өнөөх охины биеийн байдал хаашаа эргэхийг харзнахаар шийдэв. Ингээд гар дээр бэлэн байсан 16 сая төгрөгөө “Төгс-Эрдэнэ” нэртэй ХЗХ-нд хадгалуулаад боломжтой цагийг хүлээжээ. Хар дарсан зүүдэнд ч тийм хяслантай, тийм увайгүй хүмүүс байдаггүй биз. Нэг л өдөр Ариунаа, Заяа хоёрын гэр бүлийнхний сүүлчийн найдвар болсон 16 сая төгрөг худал хуурмагийн гарт орон хумхийн тоос мэт алга болж, амьдрах хүслийг нь торгоож байсан сүүлчийн чавхдас тасарчээ. Дүүгээ эмчлүүлээд л авбал орон гэр хэзээ нэгэн цагт олдоно гэж итгэж найдаж байсан нэгэн гэр бүлийнхэн цөхрөлд уналаа. Гэр орон, амьдрах хүслэн, залуу нас, мөрөөдөлийг нь хадгалсан итгэл найдвар ийнхүү үлээсэн лаа мэт алга болно чинээ санасангүй. “Би одоо хаана очиж хэвтэнэ ээ?”. Энэ үг Заяа охины амнаас инээмсэглэлтэй хамт унасан ч бүр гүндээ цөхрөнгүйгээр хашгирах мэт санагдана. Энэ сарын 25-ны өдөр хөлсөлсөн байрных нь хугацаа дуусна. Сэтгүүлч миний бие энэ бүхнийг ярихдаа байн байн нулимсаа залгин, тайтгарахыг хичээх Ариунаад бүсгүйд хүйтэн ус аялгалж өгөөд нүднээсээ сул асгарах нулимсаа залгихаар цонхоор харан хэсэг зогслоо. Гадаа гоёмсог даашинзаар гангарсан Заяагийн үеийн охидын аз жаргалтай царайнууд зөрөлдөнө. Харин яг тэр агшинд Заяа магадгүй өвчиндөө шаналан уйлж байсан байж таарна. Сумогийн аварга Хакухо, мисс Сэлэнгэ, рок дуучин Саран гээд Заяагийн нэгэн байрны гадаа тоглож өссөн найз нар нь эрүүл саруул, сайн сайхан амьдарч байна. Харин үй зайгүй тоглож өссөн найз Заяа нь ийнхүү амьдралтай амь тэмцэн зууралдаж байгааг тэд мэдээ ч үгүй байгаа. Хорин настайгаа золгоход 10-хан хоног үлджээ. Харин төрсөн өдрийнхөө дараа Заяа охин ортойгоо гудамжинд гарч ч мэднэ. Ариунаа дүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн. Тэр энэ жил 28 настай ч гэр бүлтэй болох, сайхан амьдрах тухай өөртөө хэрэгтэй гэсэн бүхнийг бодох ч завгүй явна. Дүүгээ асрах, сайхан сэтгэлтэй хүмүүсийг олж уулзах, дүүгийнхээ зовиур шаналгааг бага ч болтугай хуваалцах нь түүний хувь тавилан болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Ариунаагийн илгээсэн захидалд Солонгосын нэгэн эмнэлэг хариу ирүүлсэн аж. “Бид танай дүүг эмчлэхийг зөвшөөрч байна. Гэхдээ 100 хувь үнэгүй эмчлэх боломжгүй. Харин 50 хувийг нь төлсөн тохиолдолд бид амийг нь аварч чадна” гэсэн товчхон зурвас Ариунаад ирсэн анхны найдвар байлаа. Гэвч түүнээс хойш бүтэн гурван сар өнгөрсөн боловч мөнгө цугларсангүй. Дуучин Т.Ариунаагийн тоглолтын өмнөх сурталчилгаа болсон дүүгийнх нь өвчинд шаналсан дүрс телевизээр бараг 10-аад удаа гарав. Т.Ариунаа дүүд нь тоглолтын тасалбар шинэ цомгуудаасаа бэлэг болгон өгчээ. Харин бусад сайхан сэтгэлийн элч нараас огтхон ч сураг гарсангүй. Гэсэн ч Ариунаа цөхрөлгүй дүүдээ “Чи аврагдана. Удахгүй эдгэнэ” гэж хэлсээр... Ариунаа нэгэн амьдралыг авч үлдэх гэж, нэгэн амийг торгоох гэж хичээж байна. “Би эмчилгээнд зориулах мөнгийг 10000 ам.доллар гэж зарласан. Яагаад гэвэл хэтэрхий их мөнгө хүмүүсийг айлгах байх гэж бодож байна” гэж өхөөрдөж өсгөсөн охин дүүгийнхээ амийг гуйж суугаа тэр эгч өгүүлсэн юм. Түүнд мэдээж тэрнээс ч их мөнгө хэрэгтэй байгаа. /Уг нь тэр үе мөчний ремотизм, ремотоид хавсарсан гэсэн өвчний оноштой. Гэвч өвчин намдаах эм хэтэрхий их хэрэглэснээс эмийн нөлөө цусны бүтцэд өөрчлөлт оруулж, тэрнээсээ улбаалан зүрхэнд хүрэлцэхүйц цус хүрэхгүй байснаас цусан хангамж муудаж, тархинд нь цус харвалт өгчээ. Харин энэ тухай гэрийнхэн нь түүнд хэлээгүй л байгаа тул Заяа тархиндаа цус харвасан гэдгийг мэдээгүй байгаа. Хүний цусанд 10000 эс байх ёстой байтал охиных ердөө л 1000 гэсэн тоон дээр дэнжигнэж байна. Ийнхүү цусны эс цөөрсөн нь цус багадалт үүсгэж, дахин төлжих боломжийг нь багасгаж байгаа хэрэг/. Гагцхүү цаг хугацаа л явсаар байна. Цаг урсах хэрээр охины амьд үлдэх хоногийн тоо хорогдсоор байгаа нь эргэлзээгүй. Цэл залуухан нэгэн амь, цэвэр тунгалаг нэгэн сэтгэл ийнхүү орон дээрээ бөхөж байна. Сайхан сэтгэлт хүмүүс бидний дунд олон байгаа гэдэгт би л хувьдаа итгэдэг. “Сэтгэлд гал байхад гал зууханд гал олдоно” гэж хэлэлцсээр хүн болсон бид хамтдаа хөдөлбөл ийм нэгэн амьдралыг аварч чадахгүй гэж үү? Батзаяа охины эгчтэй холбогдохыг хүсвэл Дэлхий.нет дээр байгаа Амьдрах Хүслэн блогт зочилоорой.
Дансны дугаар "Зоос" банк: 2413197095 /төгрөг/
2413202777 /валют/
1 comment:
Монголчуудын ядарсан нэгэндээ тусалдаг сайхан сэтгэлд би баярлаж явдаг шүү
Post a Comment