Wednesday, January 02, 2008

Дайн л бүү болоосой

Магадгүй миний бичиж байгаа энэхүү зүйл эмзэг сэтгэлтэй хүний айдас байж болох юм. Гэхдээ би лав өнгөрөгч оноос маш их айлаа. Хувь хувьсгалд аль алинд нь. За юу ч гэсэн бага зэрэг тодруулах гээд оролдие. Хувь хүний үүднээс гэвэл бага зэрэг асуудал гарч азаар цаг тухайд нь шийдэж чадсанаар гэрэлт хорвоодоо амьдарч байна. Түүнээс юуг олж харсан бэ гэвэл Монголчууд маань эрт дээр үеэс хувьтай хүн хулгана жил үзнэ гэж зүгээр нэг толгой холбон бурж байгаагүй юм байнаа гэдгийг ойлгож авлаа. Уншиж байгаа хүмүүс юун сүржигнэдэг амьтан бэ гэж бодож ч болох л юм. Зөвхөн Монголд маань гэж батлахгүй ч гэсэн ганц миний ч хувьд биш, хулгана жил гарах дөхөж байгаа энэ үед өдөр тутамд айдас хүргэм мэдээ, үхэл хагацал, зовлон шаналал давхардан сэтгэл сэрдхийлгэж байгааг та нар сайн мэдэж байгаа. Тэгээд юу ч гэсэн энийг уншиж байгаа хүмүүст Гандан орж засал номоо сайн хийлгэж байхад илүүдэхгүй шүү гэж хэлье. Хувьсгалын тал дээр өнгөрөгч он мөн л ширүүн дориун тэмцэл, хөнжилдөө хөлөө гутамшигтайгаар жийлцсэн ОН байв. Төрийн толгойд зарим хүмүүсийн хэлдгээр ёстой гахайнууд гарч, улмаар гаарч ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн олон тэнэг шийдвэрүүд гаргасан. УИХ-ын баталсан хууль дүрмийн тоо бага, харин суудлын солио сэлгээ гаргах санал хураалт олон байсан, мөн хотын захирагчыг бузар гүтгэлгээр сандлаас нь түлхэн унагасан зэрэг наад захын жишээг дурьдаж болно. Шинэ он гарч байхад энэ тухай ярьж байгаа учир нь энэ он сонгуулийн жил, иргэн бүр ухамсартай байж, хүний төлөө ажиллаж чадах төрийн түшээдийг ялган таньж, ходоодоороо, хямд төсөрхөн хэрэгцээгээрээ зулгуйдаж бус, нарийн шүүлтүүрээр шүүгээсэй, мэргэн ухаанаа одоо гаргах цаг болсон шүү гэдгийг сануулахын тулд билээ. Эрхэм ах Пүрэвсүрэнгийн санал болгосноор Японы Монголын төлөө сэтгэлтэй зохиолч нийтлэгч Кимура Аяакогийн "Тархины тураал"-аас иш татья. "Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг." гэж. Бид тайван сайхан нийгэмд амьдардаг бол өнөөдөр зөвхөн өөрийн ногдсон ажлаа үр бүтээлтэй сайн хийгээд тэрнийхээ үр шимийг бахархалтайгаар хүртэн жаргалаа эдлэн суух ёстой билээ. Гэвч цаг үеийн өнөөдрийн байдал бидний одоо улиглан шүлэглэх дуртай "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ" гэдэг алдарт үгээ үлдээсэн яруу нөайрагч Дашбалбарын бичсэнчлэн улс төр надад хамаагүй гэж хойшоо суух аргагүй цаг мөн гэдгийг та бүхэн болгоох биз. Блог ертөнцөд ихэвчлэн залуучууд болон нийгмийн идэвхтэй насныхан байдгийг харгалзан, улс төр надад ямар хамаа байхав гэсэн аминчхан бодлоор битгий хандаарай, 18 нас хүрсэн тэгээд талх иддэг бол танд хамаатай шүү, өөрийн чинь санал өдөр тутам бухимдуулдаг олон сөрөг үзэгдлийг нухчин дарах маш их хүч юм шүү гэж хэлмээр байнаа. Дайн л бүү болооосой гэж нийтлэлээ нэрлэсэн, дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн үлгэрээр нийгмийн энэ хямрал ямар ч хортой үр дагавар авчирч болзошгүй байгаад сэтгэл зовнисний илэрхийлэл юм шүү. Эхний өдрийн бичлэгээ 2008 ондоо та бүхэн хувь, хувьсгалдаа ихийг бүтээгээрэй гэдэг сайхан ерөөлөөр өндөрлөе.

No comments: